About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more

Tuesday, January 18, 2011

Зүгээр л, өөрийгөө байнга зоригжуулах шүлгээрээ сонгочихлоо. Гоё, үнэн, сайхан үгс



Үр хүүхдэдээ хэлсэн үг О.Дашбалбар


Хамаг бүгдээр чамайг

Харааж нулимж байвч тэнгэр шиг бай!

Хамгийн сайн хүмүүн гэж

Хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай!


Тэнэгүүд бүгдээр чамайг сургавч

Тэнгэр шиг бай, дуугүй дүнсийх…

Тэврээд бүгдээр чамайг үнсэвч

Тэнгэр шиг бай, аниргүй мэлтийх…


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан

Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч

Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг


Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч

Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов!

Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай!


Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч

Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна!

Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч

Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!


Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч

Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!

Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч

Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай!


Олз омог чамд үүдээ хаасан ч, тэнгэр шиг бай!

Олон түмэн нүүрээ буруулсан ч, тэнгэр шиг бай!

Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт

Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!


Уур омог, урин мунхагийг мартаж, тэнгэр шиг бай!

Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ

Цөхрөл чамайг багалзуурдаж цөлийн чоно шиг болгосон ч

Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай!


Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь

Цохолж ирсэн үйлийн үрээс бүү зугт, бүү ай!

Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай!

Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!


Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи

Онцлох нөхөргүй болсон цагтаа хүнийг бас ойлгоно, чи

Аз жаргал ирнэ, гэвч удалгүй алга болдог юм

Аюул зовлон тохионо, гэвч удалгүй арилдаг юм


Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр шөнө шиг ээлжилнэ

Жаргал зовлонгийн алинд ч мөнх тэнгэр шиг бай

Атаатан түмэнтээ мууг үйлдэвч хариуд нь сайныг бүтээ

Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм


Ямагт чиний зөв байх албагүй, сайтар тунгаа

Ярьж хэлэх, хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ!

Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь

Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!


Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй

Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй

Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм

Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм


Самуун дэгдээгчид үйлээ тайван хийг

Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай!
Салхи цагаа болохоор бүхнийг хийсгэдэг юм

Саваагүй амьтдын зиндаанд бүү уна!


Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй

Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй

Ертөнцийн юм бүхэн хэмжээтэйг бүү март

Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина


Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай

Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!

Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс

Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!


Гаднаа ямагт бусдаас дорд бай, даруу бай

Гайхуулах хэрэггүй, дотроо тэнгэр мэт бай!

Үг яриа хэрэггүй газар харцаараа өгүүлж сур

Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!


Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст

Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!

Хүү минь хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл

Хүлцэн тэвчихээс илүү гавъяаг би мэдэхгүй!

No comments:

Post a Comment