About Me

My photo
human, girl, student, weirdo, abnormal things maker, music and movie lover,lover, friend, daughter, sis, someone, nothing, everything and more
Showing posts with label Аялал. Show all posts
Showing posts with label Аялал. Show all posts

Wednesday, April 03, 2013

Цаатан түмэн дээр очсон тухай

Би 3 жил аяллын хөтөч хийх хугацаандаа Монгол орноо бүрэн тойрч амжаагүй боловч үзэсгэлэнтэй сайхан газруудад зөндөө очсон. Түүний нэг нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд орших тайга буюу Монгол орны хойд цэг орчмын нутаг юм. Энэхүү аялал нийдээ 44 хоног байсан бөгөөд Хөвсгөлд л гэхэд 15 орчим хонож байлаа. Би 2 жуулчнаа аваад Мөрөн хот руу нисээд тэндээс тосч авсан жолоочтойгоо хойд зүг рүү гарах аялал эхэлсэн юм аа. Бид өдөржин л машинтай явдаг хирнээ 3, 4 хонож байж сая Цагаан нуур сум орсон. Зам муутайн дээр их хол очих ёстой байлаа. Мэдээж бидний явах гэж буй тайга бол хилийн тусгай хамгаалалттай газар учир бид зөвшөөрлийн бичигтэй явж байсан. Тэгээд Цагаан нуур сумын төвөөс зайтай газар хоноглоод тэр хавийн гэрээт айлаасаа морь түрээслэн өглөө морьтой аялалдаа гарсан. Ингээд 7 цагийн дараа очих газартаа буюу тайгад очсон. Явах зам бол маш урт, гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй, үлгэрт л гардаг байх гэмээр газраар явахад зам хурдан өнгөрнө. Нийтдээ 200 орчим цаатан ард түмэн баруун, зүүн тайгад аж төрдөг гэсэн байдаг. Бидний хувьд зүүн тайгад очсон нь тэр байлаа. Цаатан хүмүүс их сонирхолтой, урцанд амьдарсаар ирсэн. Тэсгим хүйтэн өвлийг урцанд хэрхэн даван туулдаг байна аа гэж бодохоор гайхалтай шүү. Цаагаа унаад нүүнэ гээд бод доо, модоо үлдээгээд, олсон даавуугаа аваадл нүүдэллэнэ дээ. Цааны сүүгээр сүүтэй цай чанаад их ууна аа, өвсөн дээр гараад хэвтчихнэ. Цаа нь хажуугаар нь бэлчээд л. Тэр сүү нь их өтгөн, худалч хүнд хэд дусаагаадл сүүтэй цай болчихно. Учир нь нэг цаанаас 100гр орчим өтгөн сүү гардаг. Бас цааны сүүгээр ааруул хийнэ, тэр нь яааг бяслаг шиг, ямар гоё амттай гээч. Хажуугаар нь ан хийж амьдарна. Тэд цаагаа алж иддэггүй юм билээ. Харин бүр их хүндэлдэг. Юун тэр цааны гутал хийх санаа, би бүр год авах гэж очоод хоосон буцсан. Шөнө өндөр мод, цаануудыг харвал яг үлгэрийн орон шиг. Тэнд сүлжээ, зам, бүр орчин үеийн юу ч байхгүй. Харин нэг айлд нь холбоо байдаг юм. Тэрийгээ өдөртөө нэг хэрэглээд Цагаан нуур сумтай холбогддог. Эмч дуудах бол түүнийгээ ашиглана. Гэхдээ эмч ирэхийг хүлээнэ гэвэл бас л удна шүү дээ. Замыг нь ядаж машин явдаг болгоод өгвөл ямар сайн бэ, Хөвсгөлөөс гарсан нэг улс төрч цаатан хүмүүсийг засмал замтай болгоно гээд саналыг нь авчихсан байгаа юм. Ичиж үхээсэй бурхан минь, ядаж зүгээр фургон явдаг замтай болгоё гэхгүй дээ. Цаатан хүмүүсийг гарал нь тува 30-аад оноос өмнө Орос Монголын хил чөлөөтэй байх үед 2 улсын хилийн дагуу чөлөөтэй нэвтэрч, нүүдэллэн амьдардаг байсан ард түмэн. Харин хилийн шугамаа тогтоох үед тэр олон мянган гэр бүлүүд 2 талд үүрд үлдсэн юм гэдэг. Гэхдээ л хөгшдийн ярьж байгаагаар тэдний ах дүү нар нь сургуулийнхаа байранд түгжээстэй үлдсэн гэсэн. Их гүрэн Оросын өөдөөс Монгол яаж ч чадах билээ дээ. Тувачууд Монголд үлдэхийг ихэд хүссэн юм гэдэг. Зарим нь тэндээсээ оргож хүртэл орж ирсэн. Тухайн үед Хөвсгөлийн Цагаан нуур хавийн айлууд идээгээ гаргаж дайлахад Тувачууд дээлийнхээ энгэрт атга атгаар нь чихэр боов хийгээд гардаг байсан, тийм л хэцүү бэрх үеийг туулж ирсэн. Одоо тэнд амьдарч байгаа олон тува хөгшид гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг үнэхээр их хүсч байгаа. Эцсийн удаа ч гэсэн сургуулийн байранд түгжигдээд үлдсэн дүүгээ харахыг зөндөө их хүсч байгаа даа... Намайг очих үед тайгын залуучууд байхгүй байсан учир нь тэд хашинд явсан байсан. Тэр хавьд хаш чулуу их элбэг учир залуучууд нь олоод Хятадуудад худалдаалдаг гэсэн. Гэхдээ өөрсдөө бас их хөөрхөн гар урлал хийнэ. Харин тэнд байсан 2 охин Улаанбаатар хотод сурдгийг мэдэж авсан шүү. Ямар их бахархсан гээч. Төрөөс дэмжлэг үзүүлдэг эсэхийг нь мэдэхгүй байна. мундаг охидууд тэгээдл цүнхээ үүрээд мориндоо мордоод тайгаас буугаад, тэндээсээ мотоциклоор Цагаан нуурын төв ороод, фургоноор Мөрөн хот ордог. Монгол улсын Засгийн Газар цаатан хүмүүсийг анхаардаггүй юм шиг санагдсан. Саяхан цаатан хүмүүст тусална гэж мөнгө цуглуулаад монгол гэр өгсөн гэсэн. Тэрийг нь хүнд нүсэр болохоор нь аваагүйн гэсээн, уулан дээр тайгад хэн монгол гэр бариад нүүх вэ дээ. Бас засгийн газраас цаа эрлийзжүүлнэ гээд Оросоос баахан цаа авчраад тэрний 80-аад хувь нь замдаа үхэж үрэгдсэн байгаа юм. 60 сая төгрөгөөр бас ингээд ямар ч үр дүнгүй тоглочихож болж байгаа юм байх даа. Сонин шүү. Тэд бол бидэнтэй л адилхан Монголчууд, бүр хил хамгаалагч иргэд. Монгол улсад цаа бугаар олон ч жуулчин татсаар байгаа юм даа, тэд. Жич: Твитерийн найз Хүлгэний хүсэлтээр бичсэн болно, бичих ч гэж сарааччихлаа даа.

Saturday, December 04, 2010

Аялал 2

Зиа миний аялал 12 сарын эхний 3 өдрүүдэд Монгол орныхоо Ар Өвөрхангай болгон Булганаар дайраад яваад ирлээ. 3хан хоногт үзэж харсан өвлийн амьдрал надад өмнө нь мэдэрч байгаагүй тийм сайхан гайхалтай мэдрэмжийг өгсөн.

Эхний гол зогсоол Хархорин байлаа. Зуд гэгчийг анх удаагаа харсан нь тэр байлаа л даа. Хүмүүс ажилдаа яваад л, жижигхээн хүүхдүүд аймаар хүйтэнд алхаад л гэхдээ жаргалтай, хотод байгаа биднээс хэд дахин жаргалтай шүү. Утаагүй, айдасгүй, түгжрэлгүй...Тэгээд хонох айлдаа очлоо. Хөөрхөн эгч, 10 сартай хүүхэдтэй, нөхөр нь хамт амьдардаггүй, гадаад хүн, бараг салсан. Ийм л хэцүүхэн амьдрал. Энэ зөвхөн энд биш бидний эргэн тойронд хаа нэгтээ ч бас байгаа. Хуучинсаг үзэлтэй хүн би биш ч энэ удаад яагаад Монгол эмэгтэйчүүд гадаадыг нь сонгодог юм бол, ёстой тэнэг гэж хэлмээр санагдсан.

Дараагийн зогсоол, Архангай аймгийн Өгий нуур. Тийм ч томоохон нуур биш боловч үзэсгэлэнтэй. Камераа авч яваагүй нь надад ёстой л нэг шийтгэл байлаа. Манан, үүл, уулс, хязгааргүй үргэлжлэх тал үнэхэээр яг диваажин гэж байдаг бол тэр нь ийм л байдаг байх...
Наашаа Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт хүлээн авсан нэгэн айлын тухайд. Намайг 2 гэрийнхэн 18 настай нэг хүүдээ бэр болгох гээд хахах ёстой инээд хүрч үхэх гэж байсан. Би, байжий би штээ малчин хүнтэй гэрлэх үү?(Тэднийг хүндэлж байгаа боловч би ирээдүйн нөрхөө өөрөөр зурсан байгаа) Зүүд л байж болно энэ явдал. Миний хацрыг улайсан гээд байгаамаа тэд нар бас.
Хөдөөгийнхэн маань бидний идэх махны төлөө хэрхэн өдөржин шөнөжин ажиллаж байгааг харахад надад аймар бахархмаар байсан шт. Урьд тэдний талаар бодож ирсэн бодлууд ингэж л өөрчлөгдсөн юм даа.

Энийг уншиж байгаа зарим нь ямар тэнэг юм бэ гэж байж магадгүй л дээ гэхдээ би хотод өссөн болохоор хөдөөг сайн мэдэхгүй, анх удаагаа ийм сайн танилцаж авсан нь л энэ. Одоо ухаарсан харсан гэдгээрээ харин ч бахархаж байгаа.

Wednesday, October 27, 2010

Миний аялалын түүх


2010 оны 6 дугаар сарын 2ны өдрийн 4 цаг 16 минут. Төмөр замын авто вокзал. Монгол улсын их сургуулийн 4 оюутан Бүгд Найрамдах Хятад ард улсын Сиамен( зарим үед Шиамен гэх) хотыг зорих аялалдаа гарлаа. Тэдний нэг нь миний бие Тэргэл. 18 настай. Товчдоо мелонхолек гэх зан чанарыг өөртөө тодотгогч, кофе, аз туршсан зүйлүүдэд дуртай.

Аялалын эхний зогсоол БНХАУ-ын Эрлиан буюу Эрээн хот. Унтаад сэрэхэд цонхоор шороо ороод үс маань шүүр шиг болчихсон байсан болохоор шууд л зочид буудал хайсан. Гэхдээ нэгэнт л хамгийн өртөг багатай замыг сонгож, замын зардлаа өөрсдөө гаргаж байгаа учраас буудалд өндөр үнэ төлөхийг төдийлөн сайшаасангүй тул усанд орох газар очлоо. 3 юань хүн бүр төлөөд, бүгд чемодаанаасаа шампунь, алчуур, бие угаагч, саван, солих хувцас зэргээ аваад эмэгтэй тасаг руу заахад нь( дашрамд дурдахад бидний хэн нь ч Хятад хэл мэдэхгүй) 4-үүлээ тийшээ оров. Ингэж л би амьдралдаа анх удаагаа нийтийн халуун усны газар орсон. Эвгүй санагдаад ичээд гардаг юм билүү гэж хэд хэд бодсон ч биенийхээ хир тоосыг бодохоор орохоос аргагүй байлаа. Танил биш царайнууд, анх удаагаа л нүцгэн эмэгтэй хүн(уг нь хүмүүс л дээ) харсан. Ороод усны сайхныг, усанд орохын жаргалыг мэдэрсэн. Хатуулаг ихтэй нь шууд мэдэгдэж байсан хэдий боловч. Дуусаад хоолонд орсон. 1сар Монгол хоолоо идэхгүй гэж бодохоор сайн гэгч нь идмээр байвч Эрээний Монгол хоол болохоор нь их идэх бодол байгаагүй.( Уг нь миний хувьд хүн өлсөж болохгүй гэдэг зарчимыг баримталдаг. Хэзээ ч хоолны дэглэм болоод хоолны зуршилаа бууруулах талаар алхам хийхгүй гэдэгтээ итгэдэг.) Тэгээд л цадаагүй ходоодтойгоо цааш Эрээний захаар хэсүүчлэхээр хүн тэргэнд суув. Эрээнээр зугаалах гоё байгаагүй гэхдээ сонирхолтой байсан. Нэг л уйтгартай нэгэн хэвийн, хөгжсөн, хөгжөөгүй нь мэдэгдэхгүй. Зүгээр л хайр татахаар хот байгаагүй л гэх гэсэн юм. Хятадад дургүйдээ энэ огтоосоо биш зүгээр л надад ерөөсөө таалагдаагүй. Угаасаа аялал жуулчлалд зориулагдаагүй, худалдааны чөлөөт бүс учраас тэр байх л даа.

Бээжин явах автобус хүлээсэн 4 охин. Хүмүүс (голчлон хужаа өвөө нар байсан) ширтэнэ, сэжигтэй нүдээр. Энэ нь намайг айлгах биш харин ч сонирхол татаж байсан. Одоо яах бол гэж бодогдоод л. Тэнэг бодлууд, тэнэг ярианууд минь надад урьдын адил эрч хүч өгч, аялалыг маань сонирхолтой болгосоор байсан. Автобусанд ороод нэг хоног урсмаар халуун нөхцөлд явна гэдгээ мэдээд хэцүү санагдсан нь аяллын минь нэг хэсэг. Очих газраа төсөөлөн, эвгүй үнэр ханхлах хөнжил дээр нь цамцаа нөмрөөд хэвтэж байхдаа олон зүйлийг бодсон. Бид энд аялах гээд явж байхад энэ хятадууд байнга ингэж явдаг байх даа гэж бодохоор дэлхийн өнцөг бүрт орших тэрхүү өөр өөр амьдралуудыг заавал мэдэрнэ гэсэн шунал дотор хөвөрсөөр...Бээжинд ирлээ. Буугаад үүргэвч биш том, хүнд, нүсэр чемоданаа чирээд үүрээр 5 цагийн үед нэг таксигаар дараагийн шилжилт хийх галт тэрэгний буудал руугаа явахаар болов. Хэдийгээр буудалд байрлах боломж байсан боловч эртхэн очоод хүлээж байхад буруудахгүй гэдэг өвөө эмээгийнхээ үгийг санасан. Тэр ах биднийг хэрхэн тэнд аваачих талаар хэдэн мянган зүйлийг ургуулан бодсон. Гүйцэд үйр цайгаагүйн дээр таньж мэдэхгүй хүн биднийг хүргэх зуураа тэр эрт хэнтэйгээ ярьдаг юм бэ гэмээр эвгүй мэдрэмж, айдсандаа хүлэгдэн амнаас үг гарахгүй. Тэр хүний наймаа гэгч нь гэх мэтчилэн, үсрээд бууя гэж нөгөө хэддээ хэлэх үү гээд л элдвийн утгагүй гэхдээ үнэний ортой гэмээр бодлууд тэнэг бас аймшигтай...Асар том галт тэрэгний буудал. Хаанаас нь яаж, хаашаа орох юм бэ? Үүр цайж байгаа гэхэд манай хотын хөл хөдөлгөөнөөс ч шигүү хүмүүсийн тасралтгүй цуваа. Хэл мэдэхгүй ч кармаалаад авсан Хятад Монгол ярианы дэвтэр минь нилээд хэрэг болсоон. Үүний ачаар сайхан сэтгэлтэй Хятад ахыг олоод Бээжинд байдаг найз руугаа ярьж өмнө нь хэлээд захиалуулсан билетээ авсан. Энэ ч бас тийм амар байгаагүй ба бид хоёр цагийн турш хүлээгээд ирэхгүй болохоор нь дахин өөр хүн хайж залгах эрэлдээ гарсан. Эцэст нь билет өгөх найз маань шартчихсан бидэн дээр ирсэн. Энэ тийм чухал биш боловч яг өчигдөр нь Бээжинд сурдаг Монгол оюутнуудын уулзалт болсон гэсэн. ( Зүгээр л хүний нутагт бие биенээрээ дутаж, ийм уулзалт зохиож байгаа нь хөөрхөн санагдсан ) Ингээд салах ёс хийхийн өмнө найзаараа хэд хэдэн өгүүлбэрийг хятад хэл дээр бичүүлсэн. Жишээ нь “Бид хятад хэлээр уншиж, бичиж, ярьж чадахгүй”, “Та англиар ярьдаг уу”, “Бид Xiamen хотод очино, буух болж байна уу? ” гэх мэтчилэн.

Галт тэрэгний хөдлөх цаг болоогүй учраас нүүр ам шүдээ угааж цэвэрлэхээр шийдэв. 4үүлээ Монголоос явахдаа тусгайлан хийлгэсэн “Made in Mongolia” гэж ардаа бичүүлсэн ногоон пудволкоо өмсөөд яг 2, 2-оороо арваас хорин минутын хугацаатай 00 өрөө болон эргэн тойрныг судлах ажиллагаандаа гарна. Хэн нэгнээсээ салж явсанг нь зэмлэнэ. Цагтаа ирэхгүй бол үлдсэн 2-ын нэг нь араас нь явна гэсэн жижигхээн дүрмийг мөрдөнө. Ингээд ариун цэврийн өрөөнд нь ороод нилээн ойчирлож байж сая бие засаж, нүүр амаа угаалаа. Гарч ирээд харсан анхны сонин зүйл нь гэвэл тэнд шалан дээр унтаж байсан хүмүүс юм. Тэдний зарим нь хөнжилдөө орчихсон унтаж байлаа. Тэгээд л нэмээд нөгөө л нэг ширтэлтүүд. Одоо ч тоохоо больж дээ.

11 цаг болж галт тэргэндээ суухын тулд хэд хэдэн удаа буруу замаар явж чемоданаа өргөсөөр байтал ядарчихсан. Хилсдэхгүй бол бид бараг л хэдэн буудал хиртэй дээш доошоо, урагш хойшоо бөндөгнөсний эцэст вагондоо арайхийн орлоо. Зүдэрч байгаагаа мэдэхгүй болтлоо тэр танихгүй хүмүүсийн дунд биенээ алдчихгүйн тулд үлэмж хүч тэнхээ гарган, урагш давшин явсан. Гишгэх ч зайгүй байхад биенээ түлхэх хирнээ хогоо замбараагүй хаяна. Улаанбаатарынхаа автобусанд байнга үйлчлүүлэгчийн хувьд би олон нийтийн тээврийн хэрэгсэлдээ хайртай гэж хэлмээр байна. Гэхдээ галт тэрэг гэдэг бол бидний урд хөршийнхний гол тээвэр байдаг юм билээ. Энэ удаад ямар нэг үндэсний баяр ( Цагаан сараар манай улсын галт тэргээр зорчигчид эрс нэмэгддэг шиг ) болоогүй. Зүгээр л энэ яг өдөр тутмын амьдрал гэхээр ямар их зах зээл вэ гэдэг нь харагдаж байгаа болов уу.

Ингээд аяллын эцсийн цэг болох “Xiamen” хот руугаа 260 юань-р хатуу суудалтай суудлаар 30 цаг явах ёстой байсан нь 33 цаг болсныг нь арай гэж дохио зангаагаар ойлгоод, явж хүрэхэд анхны сэтгэгдэл минь гайхалтай гоё байсан. Тэнд байх 18 хоногийн тэтгэлэгт сургалтынхаа явцад ч олон үндэстнээс бүрдсэн их сургуулийн асар том оюутны хотхон, тойрон хүрээлэх элэгсэг ард түмэн, хямд амьдралын өртөг, байгалийн үзэсгэлэнт газрууд, хичээл хийхэд бүх талаасаа хангагдсан үнэхээр сайн зохион байгуулалт, түргэн шуурхай бүх талын үйлчилгээ гээд л. Далайн эргийн хажуу талын халуун чулуун дээр хөл нүцгэн алхах, хүний гараар бүтээгдсэн “Xiamen Botanical Garden”-л хөлсөө урсгаад хувцсаа норгосон ч гэсэн үзэж дуусгахыг хүссэн. Дэлхийн тив болгонд ургадаг ургамлууд; кактусан ой, тэмээний үзэсгэлэн, Африкийн хэсэг гэх мэт үнэхээр мартагдахааргүй сайхан дурсамж.

Явахаасаа тав хоногийн өмнө билетээ авах гээд очиход бүх билет дууссан байсан ба дамжиж явах ч арга зам байсангүй. Ингээд найзындаа бид дөрөв хэд хонох бодолтой байсан юм. Гэхдээ яагаад ч юм надад зүгээр л хүмүүс билетээ буцааж магадгүй гэж бодогдоод нэг хятад охиныг дагуулаад очиж нилээн хэд хайлгасны дүнд Шанхай хотоор дамжиж явах арга олоод шууд л урьдчилгаа өгөөд нөгөө хэд лүүгээ гүйсэнсэн. Тэр үед бид бусад оролцогчидтойгоо шорлогны газарт очих хэрэгтэй байсан ч монголчуудаг түр хүлээх хэрэгтэйг тэд ойлгосон юм. Ингээд гэртээ харих нь гэсэн бөөн баяр болсон бид тэр өдрөөс хойш байгаа газартаа илүү их дассан байлаа. Явна гэхээс л хоргодоод Alice (миний хятад найз, үнэхээр сайн охин )- г ч их санан даа, дараа заавал ирнэ ээ л гэж бодож байлаа. Тэрхүү сургалтанд суусан минь Ази, Африк, Америк тивийн хүүхдүүдтэй улам илүү ойртож, тэдэнтэй дотно нөхөрлөх боломжийг илүүтэйгээр олгосон юм. Миний өрөөний охин Шиньжинээс ирсэн байсан бөгөөд тэдний соёл, хэлний тухай бид орой бүр ярилцдаг байлаа. Хятад хэл сурах ёстойг ойлгосон учраас одоо бие даан сурах гэж оролдож байгаа.

Сүүлийн өдөр, ёслолын арга хэмжээ дуусаад 3 цагийн дараа бид галт тэргэндээ суух хэрэгтэй байлаа. Ингээд гарагш гартал маш хүчтэй бороо, би найзтайгаа шүхэргүй. Гүйгээд л байсан. Нэг л мэдэхэд би хойшоогоо тархиараа саваад уначихсан. Миний урд гүйж байсан найз маань сандрахдаа урсгахгүй гээд амандаа хийсан нүдний линзээ залгичихсан. Муухай царайлсан бид 2 усан хулганааас ч долоон дор харагдаж байж билээ. Буудал дотроо ороод өөрсдийнхөө гоожуулсан усан дээр би дахиад л хальтраад уначихсан. Үнэхээр азгүйтэл ар араасаа цуварсан өдөр байлаа.

Хүчтэй борооноос болоод галт тэрэгний хөдлөх цаг тодорхой бус цагаар хойшлогдсон. 3 цаг орчим хүлээсний эцэст явахаар боллоо.

Шанхай, Бээжингээр дамжаад Эрээнд буцаад ирэхэд үүр цайж байлаа. Нэг ахын буудлаа рекламдсаных нь дагуу дагаад очиход биднийг хуурсан байлаа. Тэгээд хүн бүрээс 10, 10 юань нэхэж, өгөхгүй бол гаргахгүй гэсэн. Хэдий 4-үүлээ байсан хэдий ч тийм нөхцөлд ямар нэг арга хэрэглэхэд тохиромжгүй байсан юм. Буудал дотроо ороод дотроос нь цоожилчилсон бөгөөд чанга орилвол хүн гараад ирж магадгүй байсан учраас хий дэмий л хэрэлдэж, мэддэг хэдэн хараалаа урсгасан. Ингээд хулхидуулчихаад чемоданаа чирээд цааш алхана. Хааяаа нэг хүн таарна. Эл хуль, яг л 27 хоногийн өмнөх шигээ...Нэг өвөрмонгол залуу (хятаджсан өвөрмонгол гээд нэрлэчихье) дагаад л яваад байсан. Хажууд ирээд тэрний буудалд орсонгүй гээд биднийг авч явах гэж оролдов. Цүнхнээс татаж чангаагаад эцэст нь манай найзыг алгадсан. Анх удаагаа харийн хүн миний найзад гар хүрэхэд дотор байсан айдас алга болж тэрнийг хөөхөд хамаг хүчээ зориулж, цаана байсан хэдэн монгол ахыг дуудуулахаар хоёрыгоо явуулж 1 ах ирэхэд бид аврагдсан даа. Тэндхийн хужаа нар нь монголчуудаас айдаг нь илт байсантай адил охидуудыг дээрэлхэж байгаа хүнийг харсан цагда юу ч хэлэлгүй зүгээр л хажуугаар өнгөрсөн. Хууль гэдэг зүйл энд эсрэгээрээ үйлчилж байна даа.

Бид Замын-Үүдээр дамжаад улсын нийслэл Улаанбаатартаа ирлээ. Гэрийнхнээ харах гэсэн догдлол, найзууд бас гэр, хот минь.

Энэ миний амьдралын хамгийн дурсамжтай, сонирхолтой аялал. Олон зүйлийг сурч авсан. Аялал маань намайг дэндүү их хүмүүжүүлсэн. Өөрийгөө таних үйл явцаас эхсүүлээд олон соёлтой нүүр тулан, дасан зохицох чадвараа ч нэмэгдүүлсэн. Хэрвээ энэхүү аялал жирийн л нэг үргэлж эерэг байгаад дууссан бол надад лав таалагдахгүй байх байсан. Саад тулгарах тусам энэ аялал миний сонирхлыг улам татаж, тэр чинээгээрээ намайг илүү хурцалж өгсөн. Ямар соёл байх нь чухал биш зүгээр л байгаа зүйлийг тэр чигээр нь хүлээж авч дасан зохицох нь л чухал. Гэхдээ уусалт биш л дээ. Залуу байгаа дээрээ бүгдийг нь мэдрээд нэг үзмээр байна.

Миний дараагийн аялалд намайг юу хүлээж байгаа бол...

2010 оны 10 дугаар сар 25